President of Mongolia

09/30/2024 | Press release | Distributed by Public on 09/30/2024 05:08

Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд хоёр улс Хамтарсан тунхаглал гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХООРОНД ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ

  1. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-д тус тус бараалхлаа.
  1. Төрийн тэргүүн нар өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин бэхжиж ирснийг өндрөөр үнэлж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлөв болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.
  1. Монгол Улс БНСВУ-ыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо. БНСВУ нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, "гуравдагч хөрш"-ийн бодлогыг хүндэтгэн хоёр орны харилцааг шинэ шатанд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
  1. Төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСВУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улсын ард түмний нийтлэг эрх ашигт нийцэх төдийгүй олон улс, бүс нутгийн энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг "Иж бүрэн түншлэл"-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирч, дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтов.

Үүнд:

I. Улс төрийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

  1. Талууд бүхий л түвшний харилцан айлчлал, төлөөлөгчдийн солилцоог нэмэгдүүлж, ард иргэд хоорондын ойр дотно харилцааг өргөжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн, хоёр улсын яамд, төрийн бусад байгууллага болон нийслэл, орон нутаг хоорондын хамтын ажиллагааны шинэ механизмыг бий болгох боломжийг судалж ажиллахаар тогтов.
  1. Талууд Монгол, Вьетнамын хууль тогтоох дээд байгууллага, түүний дотор Парламент дахь Байнгын хороо, Найрамдлын бүлэг, эмэгтэй болон залуу гишүүд хоорондын хамтын ажиллагааг харилцааны шинэ түвшинд нийцүүлэн хөгжүүлэх, 2018 онд байгуулсан Парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэн байгуулах, бүс нутаг болон олон улсын парламентчдын форум зэрэг олон улсын байгууллагын хүрээнд харилцан бие биеэ үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахаар санал нэгдэв.
  1. Талууд хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизмыг тогтмолжуулж, хоёр талт хамтын ажиллагаа, гадаад бодлого, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, олон талт яриа хэлэлцээний механизмыг бий болгох арга замыг эрэлхийлэхээр болов.

II. Батлан хамгаалах, хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаанд сүүлийн үед гарч буй шинэ ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, бүх түвшний төлөөлөгчдийн солилцоо, уулзалт, яриа хэлэлцээг тогтмолжуулахаар тогтлоо.
  2. Талууд хоёр улсын хууль сахиулах болон хүчний байгууллага хоорондын харилцааг үргэлжлүүлэн өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
  1. Энэ хүрээнд хоёр талын хооронд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийн хэрэгжилтийг хангах, аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах, мэдээлэл солилцох, хоёр орны үндэсний эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой стратегийн асуудлаар таамаглал, дүн шинжилгээ хийж, хамтарсан үнэлгээ гаргах чиглэлд хамтран ажиллахаар тохиров.

III. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь бодит хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар эдийн засгийн бодит, үр өгөөжтэй, иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны механизмыг тогтмолжуулах, түүний дотор Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны механизм болох Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмолжуулахын чухлыг онцлон тэмдэглэв.
  1. Талууд Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгдэж, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан "Бизнесийн зөвлөл"-ийн ач холбогдол, үүргийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллахаар тохиров.
  1. Төрийн тэргүүн нар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцох, "Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр" байгуулах асуудлыг судлан үзэхээр тохиров.

IV. Хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, зам, тээвэр, соёл, спорт, аялал жуулчлал, боловсрол, хөдөлмөр, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарт бодит хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар 2022 онд байгуулсан "Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэхээр тохиролцов.
  1. Талууд хөдөө аж ахуйн салбарт баримталж буй хөгжлийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь дэвшилтэт технологийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд харилцан дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
  1. Төрийн тэргүүн нар Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, түүний дотор Шинжлэх ухаан, технологийн дэд комиссын протоколын хэрэгжилтийг хангаж, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, инновац, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр санал нэгдэв.
  1. Төрийн тэргүүн нар зам тээвэр, ложистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр улсын хооронд авто зам, төмөр зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбарт байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиров.
  1. Монгол, Орос, Хятад гурван улсын 2016 онд байгуулсан "Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т БНСВУ-ыг нэгдэн ороход Монгол Улс дэмжлэг үзүүлэх, Монгол, Вьетнам, Хятад гурван улсын хооронд бараа бүтээгдэхүүн тээвэрлэх механизм байгуулах тухай асуудлыг үргэлжлүүлэн судлахаар тогтов.
  1. Талууд 2022 онд байгуулсан "Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хэрэгжилтийг хангах, соёл, урлаг болон спортын төлөөлөгчид хооронд хамтарсан арга хэмжээ, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр санал нэгдэв.
  1. Хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бататгах, түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах, нөхөн сэргээх, соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарт баримталж буй хөгжлийн бодлого, менежментийн талаарх туршлага, мэдээлэл солилцох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов.
  1. Талууд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсад суралцаж буй оюутнуудыг өөр өөрийн улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр суралцуулах чиглэлд хамтран ажиллахаар болов.
  1. Талууд 2017 онд байгуулсан "Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Вьетнам Улсын хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн асуудлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хүрээнд хоёр орны хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй салбарт ажиллах хүч нийлүүлэх, хүлээн авах боломжийн талаар үргэлжлүүлэн судлахаар тогтов.
  1. Вьетнам Улс нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, Монгол орны тал хээр, говь, цөлийн бүсийг ойжуулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хүчин чармайлт, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг төлөвлөсөн талбайд хийхээр тогтов.
  1. Талууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар судалж үзэхээр санал нэгдэв.
  1. Талууд мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг байгуулах талаар судалж, эдийн засаг, соёл, нийгмийн хөгжлийн үйл явцын талаарх мэдээ, мэдээлэл, зураг, дүрс бичлэг зэргийг харилцан солилцох нь хоёр орны иргэд бие биеэ төдийгүй улс орны онцлогийг илүү сайн ойлгосноор ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх ач холбогдолтойг онцолж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиров.

V. Олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлэв. Талууд бүс нутгийн аюулгүй байдал, улс төр, олон улсын нөхцөл байдлын талаар харилцан сонирхсон асуудлаар баримталж буй бодлого, байр суурийн талаар тогтмол санал солилцож, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.
  1. Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК), Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН), Ази-Европын уулзалт (АСЕМ), Зүүн Азийн Дээд түвшний уулзалт зэрэг бүс нутаг, олон улсын байгууллага болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж, вьетнамын тал Монгол Улсыг АСЕАН-ы улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, АПЕК гишүүнчлэлээ өргөтгөх үеэр Монгол Улс тус байгууллагад элсэх хүсэлтийг дэмжихээ дахин нотлов.
  1. Талууд терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг уламжлалт бус аюул заналтай тэмцэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар тогтов.
  1. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах хүрээнд 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын талаас төлөөлөгч оролцуулахаар болов.
  1. Талууд Өмнөд Хятадын тэнгист тогтвортой байдал, энх тайван, аюулгүй байдлыг хангах, маргаантай асуудлыг НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, түүний дотор 1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц (UNCLOS 1982)-д нийцүүлэн энхтайвны арга замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.
  2. Төрийн тэргүүн нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын Монгол Улсад хийсэн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсныг санал нэгтэй тэмдэглэв.
  1. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Вьетнамын дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

  • "Хууль зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хууль зүйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг";
  • "Кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг";
  • "Хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг";
  • "Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг";
  • "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хот хоорондын найрсаг, хамтын ажиллагааны санамж бичиг";
  • "Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн академи хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг";
  • "Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг" зэрэг болно.