President of Mongolia

09/18/2024 | Press release | Distributed by Public on 09/18/2024 01:56

Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силва Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Өнө эртний түүхтэй Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж, харилцааны түвшин стратегийн түншлэлд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Өнгөрсөн онд БНФУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн төрийн айлчлал болон энэ оны 07 дугаар сард Парис хотноо хийсэн уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн ярилцаж, тохиролцсон хамтын ажиллагааны чухал төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.

Ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн цар хүрээтэй тэмдэглэж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, иргэд хоорондын харилцаа, нэн ялангуяа боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлнэ гэдэгт итгэж буйгаа онцлов.

Элчин сайд Коринн Пэрера Да Силва Франц, Монголын харилцааны түүхэнд хамтын ажиллагаа хамгийн өндөр түвшинд, идэвхтэй хөгжиж буйг онцлоод, үргэлжлүүлэн бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.