President of Mongolia

10/12/2024 | Press release | Distributed by Public on 10/12/2024 06:18

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөж, мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөж, мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөгчид Туркменистаны "Тусгаар тогтнолын хөшөө"-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Төлөөлөгчдийг "Тусгаар тогтнолын хөшөө"-нд хүрэлцэн ирэхэд Туркменистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтав.

118 метр өндөр "Тусгаар тогтнолын хөшөө"-г 2001 онд Ашхабад хотноо байгуулсан бөгөөд тус хөшөөний өмнө Туркменистаны анхны Ерөнхийлөгч С.Ниязов-ын алтадмал хөшөөг байршуулсан байдаг аж.

Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Хүндэт зочдын төгөл"-д хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн мод тарилаа.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга "Туркменистаны ойжуулалт" үндэсний хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр энэ удаагийн айлчлалын үеэр тохирсон болно.

Энэхүү "Хүндэт зочдын төгөл"-д тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.