11/02/2024 | Press release | Distributed by Public on 11/01/2024 20:36
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, "Монгол бахархалын өдөр" Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Монголын түүх судлалыг дэмжих тухай" зарлиг гаргалаа.
Ерөнхийлөгч монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс дээрх зарлигийг гаргажээ.
"Монгол түүх судлалыг дэмжих тухай" зарлигийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар зарлигт гарын үсэг зурлаа.
Ерөнхийлөгч түүхээ судлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйл хэргийг эрчимжүүлэхийн тулд:
Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг цогцоор нь дэмжиж, мэргэшсэн судлаач, түүхчдийг төрийн бодлогоор бэлтгэх,
Нэн эртний үеэс эдүгээ хүртэлх Монголын түүхийг иж бүрэн судлан шинжилж, 30 боть болгон эмхэтгэн хэвлүүлэх, орчуулах, түгээн дэлгэрүүлэх,
Их эзэн Чингис хаан, Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний түүх судлалыг эрчимжүүлж, монголчуудын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг судлан тодруулж, үнэлэн дүгнэж, олон улсад сурталчлан таниулах,
Монголын түүх, түүхэн хүмүүсийн намтар, үйл хэргийг гуйвуулах эрсдэлээс хамгаалах, таслан зогсоох,
Бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх талаар бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг Засгийн газарт зарлигаар чиглэл болголоо.
Мөн эх түүхээ судлан шинжилж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг иргэн бүрд уриаллаа.
Монголын түүх судлалыг дэмжих хүрээнд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар түүхийн хосгүй үнэт өв, нэн чухал эх сурвалж болох "Монголын нууц товчоон"-ы дэлгэрэнгүй бүрэн тайлбарыг олон салбарын эрдэмтэн судлаачид хамтран бүтээсэн.
Ерөнхийлөгчийн санаачилгаар мөн "Монголын нууц товчоон"-ы төрийн албан ёсны англи орчуулгыг олон түмний хүртээл болгож, дэлхийн номын сангуудад хадгалуулах боллоо.
Англи орчуулгыг бүтээсэн Ажлын хэсгийн ахлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, бригадын генерал Б.Даваадорж тэргүүтэй эрдэмтэн судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөлөө.